Total Pageviews

Tuesday, November 24, 2015

Нэг ийм юм байдаг юм байнаа



Тэсгим хүйтэн өвлийн салхи хавирга нэвт үлээж, хөлийн улнаас үсний үзүүр хүртэл жаварт хучигдсан өвлийн үдэш өнгөрч буйг төсөөлөхийн аргагүй бүгчим уур амьсгал, магадгүй хөлснийх болов уу гэмээр эхүүн үнэр ханхалсан тамхины утаа, архины үнэр нэвт шингэсэн шөнийн цэнгээний газар. Бид 21-р зууны залуус гэж ярих их л дуртай санагдана. Тэгээд өөрсдийгөө соёлтой боловсон, ухаалаг, мундаг гэж тунхаглана. Тэгвэл одоо та өөрийгөө харах гээд үз. Яг энэ газраас, та нарын яриад хэлээд байдаг соёлтой их хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг тэр орчин ямархуу дүр зураглалтай харагддаг юм бол?
Дуртай хөгжмөө, сонсдог аязаа бусадтай хуваалцана гэдэг их буянтай ажил юм шиг Тэмүүлэнд санагддаг. Хотын төв хэсэгт орших шөнийн цэнгээний энэ газрыг ашиглалтанд орсон цагаас нь эхлээд өдгөөг хүртэл бараг 5 жил шөнө бүрийг энд өнгөрүүлсэн болохоор ч тэр юмуу тавилга сэлт, ажилчид, орчин бүр орж ирдэг үйлчүүлэгчид хүртэл түүнд дотно санагдах болж.
Яагаад ч юм түүнд байнга клубээр  нь зочлох болсон нэг бүсгүй их л өвөрмөц санагдана. Анх нэлээн хуучирч элэгдсэн цагаан сорочки, хажуу хэсгээрээ сэмэрчихсэн хар өмд углаад, ёстой л гурваар дарсан өтгөн хар гэзгээ хуучин муу хятад хавчаараар тогтоочихсон, өмссөн зүүсэн нь авах юмгүй ч Тэмүүлэнгийн мэдэх “БААР”-ны охидоос тэс өөр, шөнийн сонин нууц амьдралын талаар гадарлах ч үгүй жаахан тордчихвол часхийсэн бүсгүй болохоор алаг нүдтэй жаахан охин орж ирсэн санагдана. Хэдхэн сарын дотор танигдахгүй болтлоо хувирсан тэр бүсгүйн нэрийг мэдэхгүй ч өдрөөс өдөрт нүүрний будаг, гутлын өсгий нь зузаарч, гэнэн сэтгэл, өмссөн хувцас нь нимгэрсээр байгаад Тэмүүлэнгийн урам хугарч сэтгэл дотор нь нэг том хар юм орчих шиг санагдана. Гэлээ гээд яах билээ. Юу ч хийж чадахгүйгээс хойш...
Тээр өнөө хүүхэн чинь дахиад л ороод ирлээ шүү. Өнөөдөр бас ямар юмтай гараад явах болдоо гэж бодсоор DJ ажлаа үргэлжлүүлсээр. Нээгдсэн цагаас л энэ хавиар явах охид хүүхнүүдийн хормой хотыг чангааж, зөрсөн залуусыг өдөж зовоогоод байсан харваажийн шоучин царайтай, согтуу залуу манай өнөөхийг чиглээд л очлоодоо.
Юм хөгжнөө хөгжнөө гэхэд арай л дэндүү юмдаа. Тэртээ тэргүй хувцасгүй шахуу байгаа юм байж өмссөн ганц жижиг платье-аа дээш доош  нь болгож саяхан л танилцсан байх ёстой согтуу залуутай хэзээний янаг амрагууд шиг тас тэврэлдэн бүжиглэх нь ёстой өнөө орчин үеийн залуусын эмгэнэл юмдаа. Тэр хоёрын энэ бүжгийг хараад л нэг хүн шоолоод байгаа нь мэдэгдэхгүй, гайхаад байгаа нь мэдэгдэхгүй нэгэн залуухан хүү зогсох нь манай “БААР”-ны бармен бололтой.
Хэн ч харсан оюутан царайтай, өнөөдөр өглөөний бас маргааш өглөөний эхний паар хичээлийг таслах нь тодорхой, бас ч гү ээ амандаа дуу аялан хөгжим даган бүжиглэх энэ хүүг Санжаа гэх. Хичээлийнхээ хажуугаар шөнө болгон “Баар”-нд ажиллаж сэргэлэн бас үнэнч байсныхаа төлөө захирлынхаа итгэлийг олсон энэ хүү орж гарсан согтуу үйлчлүүлэгчид, цагаас хэтрэн ажилласан гээд л эргүүлдэх цагдаагийнхан, мөнгөнд нүд бие, сэтгэл юу байдаг юм хамаг юмаа тушаасан хүүхнүүдийг хүртэл эвтэйхэн зохицуулаад сурчихсан догь эр ээ. Бас болоогүй ээ хайрцаг тамхи хоёр нугалаад зарчихна, задалсан вискинээсээ татчихна, найзуудынхаа төрсөн өдрөөр дайлчихна, сургалтынхаа төлбөрийг ч хийчихнэ. Хүүе бүр гайгүйхан шиг мөнгөтэй ах нарт хөөрхөн бүсгүй зуучлахаа ч бас мартахгүй.
Энэ удаад манай клубын хаалгаар нэлээн ядарч стрессдсэн царайтай, харваас бийлэгжүү байрын хөгшин эр орж ирсэн нь манай хүний яг нөгөө хайгаад байдаг мөнгөтэй ах. За ийм л ах нар дээр цавчаа гаргахгүй бол ёстой өөртөө гомдох хэрэгтэй биздээ гэж бодсоор Санжаа инээмсэглэн хүрч очлоо. Захиалгыг нь аваад эргэж амжаагүй шахам байхад л өнөө эр түүнийг эргээд дуудах нь тэр.
Манай “БААР”-ны шинэ тавилга согтуу залуугийн шинэ амраг бүсгүй түүний нүдэнд туссан бололтой. Нэгэнт өөр нэг залуутай хүзүү бөөрөөрөө наалдчихсан хүүхнийг салгах гэж байгаад зодуулчихвийдээ гэсэн бодол төрсөн ч мөнгө барменийг маань хэдийнэ тэдний дэргэд очуулж чихэнд нь үг шивнүүлж ч амжсан байлаа.
Мөнгө бол мөнгө л байдаг. Мөнгө хэзээд хүчтэй л байдаг, за тэр тусмаа 21-р зуунд, шөнийн цэнгээний газарт, тийм бүсгүйд бол бүр л их хүч нь мэдрэгддэг биз. Ямартай ч саяхан л цавуудчихсан юм шиг байсан хоёр өөр өөр тийшээ салж байгаа харагдана. Бие биенийхээ чихэнд нялууран шивнэлдэх баян эр бүсгүй хоёр...
Манай монголчууд ер нь хэзээ хууль дүрмээ сахин биелүүлнээ? Бармен нь л “Тамхи татахыг хорилоно” гэдэг тэмдэгний яг урдхан талд нь тамхи худалдаж, шөнийн 00.00 цаг хэдийнэ өнгөрчихөөд байхад согтууруулах ундаа худалдахаа болих нь битгий хэл согтуучууд нь улам нэмэгдсээр л... Хөөх манай хууль сахиулах байгууллагынхан их л чухал царайлсаар шөнийн цэнгээний газрын хаалгыг татах нь нөгөө бодлыг маань үгүйсгэх нь үү дээ. Хормын өмнө согтуу орилж байсан эрийн дуу сарниж,  DJ-н хүнд хөгжмийн ая замхарч, бармений нүүрэн дэхь инээмсэглэл хийсэн одох нь тэр.
Монгол хүн байнадаа, айлд биш ч орж ирээд аяганы амсар зууж, нэлээн юм ярилцаад л , “БААР”-ны тусгай зөвшөөрлийг цүнхэлж байгаа харагдана. Гарах хаалгыг яг зүглэх үед манай өнөө сэргэлэн бармен маань хөөрхөн цагаан дугтуйгаар тусгай зөвшөөрлөө солиод DJ-н зүг аяаа чангал гэдэг дохио өгч байгаа харагдана.
Шөнийн амьдрал үргэлжилсээр...
Яагаад ч юм энэ шөнийн орчинд нэг л зохицохгүй, энэ эрээ цээргүй амьдралд нэг л авцалдахгүй царайтай, царай бишээ яриатай бишээ яриагүй юм байна, хувцаслалт, харц нь ч юмуу ямартай ч энд байхад огт тохиромжгүй хүн гаднаас нэлээн түрэмгий орж ирэх нь нүдэнд туслаа. Өнөө гол дүрийн хүүхний гараас нь нэлээн хүчтэй угзраад үүдний зүг чирж явах.
Залуу: Чи энд, ийм газар юу хийж яваа юм?
Бүсгүй: Ийм газар гэж ямар газар? Тэгээд чи наад хоёр нүдээ сохолчихоо юу? Юу хийж байгаа нь ойлгомжтой юм биш үү
Залуу: Тэгээд, тэгээд би асууж байна. Ундрах аа чамайг ийм газар юу хийж яваа юм бэ л гэсэн юм. Чамайг ингэж явахыг харснаас сохорсон нь илүү дээр байсан юм. Саяны өвгөн бас хэн юм?
Бүсгүй: Хэн ч байсан чамд ямар хамаатай юм. Хүн эвгүй байдалд оруулчих юм.
Залуу: Хайраа битгий ингэ л дээ тэхүү. Хоёулаа гэрлүүгээ явъя. Ийм муухай газар бидний хүүхэд байж болно гэж үү?
Бүсгүй: Юун хүүхэд, аан чиний нөгөө гэдсэн дотроо байж байгаад аавынхаа арчаагүйгээс болоод төрхөөсөө өмнө өлсөөд үхчихсэн хүүхдийг яриад байгаа юмуу тээ? За тэгвэл хэлчихье. Тэр хүүхэд чинь байхгүй, тэгээд би ч бас байхгүй болчихсон юм. Хөөе Золоо би чамайг дагаж яваад яах юм? Дахиад нөгөө шэвтэр үнэртсэн хөгийн оюутны байранд хатсан талх, түүхий усаар голоо зогоох гэж очих уу?
Залуу: /нэлээн гутарсан, шоконд орсон царайтай, нүдэнд нь нулимс цийлэгнэнэ/ Хайраа чи нээрээ яриад байгаамуу?
Бүсгүй: Худлаа байгаасай гэж бодоод ч одоо өнгөрөө биз. Энд амьдрал байна, энд мөнгө байна. Дахиад би хүүхдээ өлсгөхгүйн тулд дахиад би зовохгүйн тулд юу ч хийхэд бэлэн байна намайг орхи. /гэж хэлээд эргээд гүйж орно/
Залуу нэлээд гутарсан царайтай газар суусаа үлдэнэ.
Дөнгөж саяхан тийм хэрүүл болоогүй юм шиг, дөнгөж саяхан тийм шаналал туулаагүй юм шиг нүүр дүүрэн инээмсэглэн, түрийвч дүүрэн хүнтэй ноололдох бүсгүйн яг архан талд нь өнөө маргаашгүй төрөх дөхсөн тогоон чимээ том гэдэстэй бүсгүй нулимс мэлтэгнүүлэн зогсох аж. Өнөө баян эр нэлээд сандарсан байдалтай хүүхнийг түлхэж унагаад гомдолоо дийлж ядан алхах эхнэрийнхээ гараас атгаад гарч одохдоо дахин нэг зүрх шархлуулж байгаагаа даанч бодсонгүй. Түүнд зөвхөн эхнэр нь л чухал. Тиймээ эхнэр нь л чухал.
Тийм, тиймээ Золоогийн хувьд ч Ундрах л чухал байсан. Тэр ойлгоогүй явжээ. Сүүлийн үед яаснаа ямар болоод байгаагаа бүхий л амьдралынхаа туршид хайрласан залуугаа сая яаж явуулснаа Ундрах дөнгөж л сая ойлголоо. Яг л гэнэт хонгилын үзүүрт гэрэл гардаг шиг. Одоо миний хайр холдоогүй байгаа аягүй бол үүдэнд байгаа биз. Гараад гүйхийн хооронд л хойноос нь нэг гар татаад авсан нь хүссэн хайртай залуу нь биш аль түрүүн таарсан согтуу залуу. Гарнаас нь тас зуурсан согтуу эрийг яаж ч тавиулах гэж оролдсон, яаж ч хэрэлдсэн, учирласан ойлгох янз ер алга. Гарахыг, хайртынхаа хойноос гүйхийг тэсэн ядан байсан бүсгүйн улаан нүүрлүү шаралхсандаа, уусандаа, уурласандаа нөгөө залуу тас буулгаад авах нь тэр. Бүсгүй юу болоод байгааг ер ойлгосонгүй. Яагаад бүсгүй биш өнөө согтуу эр урьд нь цусанд хутгалдчихсан хэвтэж байгааг яаж ч бодсон ойлгосонгүй.
-         “Үгүй ээ хайт минь яаж байгаа юм бээ, чи минь л ингэх хэрэггүй байсан юм” гэх сэтгэл өвдөм үгсийн цаана хязгааргүй их харуусал хявгааргүй их гомдол, хязгааргүй их зовлон Золоогийн гар дахь пивоны шилнээс дусах цусны сүүлчийн дусалтай хоршин урсаж байлаа. /Цагдаагийн тэрэгний дуут дохио түгшүүртэйгээр дуугарсаар.../

No comments:

Post a Comment